+976 – 7288-7788     info@tosk.gov.mn

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙН ЖУРАМ БАТЛАГДЛАА

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан. Уг хөтөлбөрийг төрийн түрээсийн орон сууц, орон нутгийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэйгээр хэрэгжүүлэх юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах бөгөөд “Иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам”-ыг БХБЯ баталж, улмаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь гүйцэтгэх дотоод журам баталснаар хөтөлбөр бүрэн хэрэгжих юм. Уг ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Улаанбаатар хот болон орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарсан юм.

Тогтоолын дагуу:

Аймгийн нэрс Түрээсийн орон сууцны тоо
Архангай

120

Увс

84

Дархан-Уул

83

Сэлэнгэ

90

Хэнтий

96

Ховд

96

Хэнтий-Бор- Өндөр

10

Улаанбаатар хотод

Өрөөний мкв

Түрээсийн орон сууцны тоо

“Буянт-Ухаа 2” хороолол

39.30

250

“Буянт-Ухаа 2” хороолол

49.23

100

Орон сууцыг түрээслэхээр бэлтгэл ажил хангаад байна.

Түрээсийн орон сууцад хамрагдах иргэнд тавигдах шалгуур

  • Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 нас хүрсэн
  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Бүрдүүлэх бичиг баримт

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт / тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байх/
  • Журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэдэг бол орлогыг нотлох баримтын хуулбар/
  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байх

Түрээсийн орон сууцад хамрагдах иргэд

                        Зорилтот бүлэг Түрээсийн орон сууцанд хамрагдах хувь, %
        Улаанбаатар          Орон нутаг
Залуу гэр бүл /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр/ 20 10
Төрийн албан хаагч 15 30
Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 30 20
0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй 10 10
Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд 15 20
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл 5 5
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх 5 5

Түрээсийн орон сууцад амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50м2 байхаар тусгажээ. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртэлх жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ “ТОСК” ТӨҮГ-т хүргүүлэх юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Previous slide
Next slide

Төслийн мэдээ

ХББОСЯ-НЫ УДИРДЛАГУУД “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ – СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ж.БАТСУУРЬ САЙД “СОЛОНГО 1, 2” ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “ЭКО ЯАРМАГ 1” төсөл
“Залуус 1” Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор жишиг хороолол төсөл
“Солонго 1 (MON-18), Солонго 2 (MON-19)”
Skip to content